2017 оны 01 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс хойш Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгийн нийт 41 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчин оношлогдож нийт 838 өрхийн 9953 (үхэр – 7595, хонь – 1439, ямаа - 919) толгой мал, амьтан шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 9487 (үхэр – 7555, хонь – 1220, ямаа – 712) толгой мал, амьтныг зориудын устгалд хамруулсан байна.
Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Их хэт, Дундговь аймгийн Баянжаргалан сумдад хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.
2017 онд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх “Мал эрүүлжүүлэх хөтөлбөр” II дахь шатны төслийн хүрээнд 2,6 сая тун вакцин тусламжаар, 4,8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр 3,0 тэрбум төгрөгөөр худалдан авч голомттой болон эрсдэл бүхий Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон нийслэлийн нийт 15,8 сая толгой мэдрэмтгий малыг вакцинжуулалтад хамруулаад байна.
Өнөөдрийн байдлаар намрын вакцинжуулалтын арга хэмжээний эхний ээлжийн вакцинжуулалт бүрэн дуусаж, давтан вакцинжуулалт Хэнтий аймагт 96,4%, Дорноговь аймагт голомтын болон сэжигтэй бүсийн вакцинжуулалт 36.3%-тай хэрэгжиж байна. Бусад аймгуудын хувьд вакцинжуулалтын арга хэмжээ дуусаад байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам
© 2019 Зохиогчийн эрхийг хуулиар хамгаална. Монголын Үндэсний Мал Эмнэлгийн Холбоо.